Улиран одож буй 2023 онд тус “Монгол дахь Японы худалдааны танхим”-ын нийт гишүүд, хамтран ажиллагч, дэмжигч байгууллагууд бүгдээрээ бизнесийн ололт, амжилт дүүрэн, үр бүтээлтэй өнгөрүүлсэн байх гэдэгт итгэлтэй байна.
Тус танхимын хувьд 2022 оны 3 сарын 31нд байгуулагдсан цагаас хойш 1 жил 9 сарын хугацаанд үйл ажиллагаагаа тогтворжуулах, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол-Япон хоёр орны хооронд бизнес хийдэг аж ахуй нэгжүүдийн хоорондын нэтворкинг бий болгох, хөгжүүлэх зэрэг дээр зорилтот үйл ажиллагаануудыг зохион байгуулж ирлээ.
Энэ бүх үйл ажиллагааны туршид хамт байсан гишүүд, хамтран ажиллагч, спонсор, дэмжигч нийт байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.
Тус танхимаас 2023 онд дараах ажил, үйл ажиллагааг зохион байгуулснаа хүргэж байна.
- “RE-NET” Meeting-“Шинэ жил” арга хэмжээ: 2023.01.13-нд болсон тус арга хэмжээний үеэр доорх хоёр зочин илтгэгчийг урьж Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, “2023 онд Монгол-Японы эдийн засаг, бизнесийн харилцааны хүлээлт” сэдвүүдээр сонирхолтой илтгэл сонсож, хүрэлцэн ирсэн Монгол-Японы хооронд бизнес эрхлэгчид нэтворкинг хийсэн байгаа.
2. “Re-Net, Re-Union” уулзалт: 2023.02.16 -нд Японд улсад суралцаж төгссөн, одоо бизнес эрхлэгч эрхмүүдийг урьж, чөлөөт нэтворкинг, бизнес мэдээлэл солилцох арга хэмжээг зохион байгууллаа.
3. INTERPHEX Week Osaka 2023: 2023.03.06-13, Японы Interphex Osaka ОУ-ын үзэсгэлэн худалдаа, бизнес аялал
Япон улсын Осака хотод Азидаа тэргүүлэх эмийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэл, сэргээн засах эмчилгээ, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн “INTERPHEX Week Osaka 2023” үзэсгэлэн нь 2023 оны 3-р сарын 8-10-ны өдрүүдэд 9 дэх удаагаа зохион байгуулагдсан бөгөөд тус танхимаас “Бизнес үзэсгэлэнд оролцох аялал” зохион байгуулж Монголоос төр, хувийн хэвшлийн нийлсэн 20 орчим байгууллагын нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй очиж оролцлоо. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
4. “Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдэвт семинар: 2023.06.02
Тус танхимын зүгээс Монгол улсаас Япон улсруу экспорт хийх боломжийн хүрээнд хоёр орны хооронд байгуулагдсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг хэрхэн хэрэгжиж байгаа, одоогийн үр дүн болон цаашид хэрэгжүүлэх арга замын хүрээнд ЭЗХЯ, ЖДҮГ болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага(ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр экспортын чиглэлтэй бизнесүүдийн мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулан семинар зохион байгууллаа. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
5. “GOLDEN WEEK II” Монгол-Японы бизнес экспо 2023.06.09-11 зохион байгуулагдлаа.
Мишээл ОУҮЗХТөвд “GOLDEN WEEK II” Монгол-Японы бизнес экспо нь нийт 50 гаруй аж ахуй нэгжийн оролцоотой зохион байгуулагдсан бөгөөд Япон улсаас 3 компани оролцлоо. Тус экспо нь 3 өдрийн турш 10500 зочин хүлээн авч, нийт 3100 гаруй худалдан авалт явагдсан үр дүнтэй өндөрлөсөн бөгөөд оролцогч аж ахуй нэгжүүд өнгөрсөн жилийнхээ борлуулалтын үр дүнг ахиуллаа.
Түүнчлэн үзэсгэлэн худалдаа болсон гурван өдрийн турш аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах LIVE нэвтрүүлэг цацагдаж, бизнес хамтын ажиллагааны уулзалт, бизнес нэтворкинг арга хэмжээнүүд болохоос гадна уламжлал ёсоор экспогийн 3 дахь өдөр Япон соёлын өдөрлөг боллоо. Тус соёлын өдөрлөгт Японы үндэсний бөх сүмогийн хүүхдийн барилдаан, Япон поп соёлын нэг хэсэг болох “Cosplay show”, Япон цайны ёслол, Икэбана цэцгийн урлагийг танилцуулахаас гадна “Го” даам, “Шёоги” шатрын танилцуулга, үзээлэх тоглолтууд явагдаж, арга хэмжээ өргөн дэлгэр боллоо.
6. 2023.08.18 Монгол-Японы бизнес форумын зохион байгуулалтад хамтран ажиллалаа.
ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас Ерөнхий зохион байгуулагчаар ажилласан хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан “Монгол-Японы Бизнес форум 2023” арга хэмжээг тус танхимаас хамтран зохион байгуулан ажилласан бөгөөд арга хэмжээний үеэр Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Дөлгөөн хөтлөгч болон экспортыг дэмжих тухай панел хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо. Энэ мэдээллийн дэлгэрэнгүйг энэхүү https://japanchamber.mn/blog/2023/08/21/jica-business-forum/ линкийг дарж орж уншина уу.
7. Токио хотод Монгол-Япон бизнес форум, бизнес мачинг уулзалт 2023.11.06 –нд зохион байгууллаа
Тус танхимаас анх удаа Японы Токио хотод JCI Япон байгууллагатай хамтран Монгол улсын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр ЭСЯ-ны ХУРЛЫН ТАНХИМ-д “Монгол-Японы бизнес форум, бизнес мачинг” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээний дэлгэрэнгүй та энд дарж уншина уу.
8. “Япон улсад болсон бизнес аялал”-ыг 2023.11.04-10 өдрүүдэд зохион байгууллаа
Тус танхимаас анх удаа Япон улсын Токио хотод зохион байгуулсан бизнес форумын хүрээнд Японы үйлдвэр, аж ахуй нэгжүүдтэй танилцах бизнес аялал давхар зохион байгууллаа.
Тус бизнес аяллын хүрээнд дэлхийд алдартай “Токио мотор шоу” үзэж, автомашин болон mobility салбарын ирээдүй, автоматжуулалт, робот болон сансрын технологийн ололт амжилт, салбарын чиг хандлагатай танилцлаа.
Мөн Ибараки мужид байрлах “Сарая” ХХК-ийн химийн үйлдвэр, Сайтама мужид байрлах “Тэнтак” ХХК-ийн үйлдвэрүүдтэй танилцах аялал хийлээ. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
2024 онд бид гишүүд, хамтран ажиллагч, мөн тус танхимын үйл ажиллагааг үргэлж дэмждэг ивээн тэтгэгч байгууллагуудтайгаа хамтран олон үйл ажиллагааг зохион байгуулах болно.