Монгол дахь Японы худалдааны танхим нь JCI Япон байгууллагын Олон улсын бизнес хамтын ажиллагааны хороотой хамтран 2023 оны 11-р сарын 6-ны өдөр Токио хотод Монгол улсын Элчин сайдын яамны Хурлын танхимд “Монгол-Японы бизнес форум, бизнес мачинг” арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээн нь Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгээр тус яаман дээр Монгол, Япон хоёр талаас тус бүр 20, 20 аж ахуй нэгжүүд оролцсон 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдлаа.
Энэ үеэр Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан арга хэмжээг нээж мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.
Түүнчлэн Монгол дахь Японы худалдааны танхимын Ерөнхийлөгч Б.Мөнхтуг болон JCI Япон байгууллагын Олон улсын бизнес хамтын ажиллагааны хорооны дарга Сарая Иттокү нарын мэндчилгээгээр тус арга хэмжээ нээлтээ хийлээ.
Мөн ЭСЯ-ны Эдийн засгийн зөвлөх Ө.Мөнхбат “Монгол улсын эдийн засаг, бизнесийн орчин” сэдвээр танилцуулга илтгэл тавьж, Япон талаас оролцож байгаа компаниудад Монгол улсын эдийн засаг, бизнесийн орчин болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, чиглэлийг танилцууллаа. Түүнчлэн “Welcome to Mongolia” компанит ажлын талаар мэдээлэл хүргэж, Монгол зочлох, тэр дундаа Монгол улсад бизнесээ өргөжүүлэхийг уриалсан юм.
Түүний дараа, “Монгол дахь Японы худалдааны танхим” ТББ-ын Ерөнхийлөгч Б.Мөнхтуг Монгол-Японы бизнес харилцаа, тэр дундаа Монгол улсад Японы аж ахуй нэгжүүд ямар бизнес эрхэлдэг тухай мэдээлэл хүргэж, оролцогч аж ахуй нэгжүүдийг 2024 оны “Golden week III” Монгол-Японы бизнес экспод оролцохыг уриаллаа.
Япон талаас JCI Япон байгууллагын Олон улсын Бизнес хамтын ажиллагааны хорооноос Олон улсад бизнесээ хөгжүүлэхэд гишүүн байгууллагуудаа хэрхэн дэмжиж ажиллаж байгаа вэ тухайгаа танилцуулж, мөн JCI GO гар утасны аппликэйшнийг хэрхэн ашиглах боломжтой гэдэг мэдээллийг хүргэлээ.
Ингээд хоёр талын оролцогч компаниудыг бүгдийг танилцуулснаар “Бизнес форум” буюу эхний арга хэмжээн өндөрлөлөө.
Тус арга хэмжээний 2-р хэсэгт, оролцогч компаниуд харилцан нэтворкинг хийсэн бөгөөд тус танхимаас Япон улсад зохион байгуулсан анхны “Re-Net meeting” business matching боллоо.
Хоёр талын бизнес уулзалтаар оролцогчид илүү ойртон танилцаж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг харилцан ярилцсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.