Япон-Монгол хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд бизнесийн салбарт олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд хоёр талын оролцоот бизнес форум, олон улсын бизнес үйл ажиллагаанууд зохиогдох болсон.
Үүний нэг нь Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн санаачилгаар “Япон-Монгол Бизнес форум 2024” арга хэмжээ 3 дахь удаагаа 2024.08.19-нд зохион байгуулагдлаа.
Тус бизнес форум нь доорх байгууллагууд хамтран зохион байгуулж, мөн дэмжин ажилласан билээ. Үүнд:
Зохион байгуулагч: Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА, Нийслэлийн бизнес инновацын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Монгол дахь Японы Худалдааны танхим, Монгол дахь Японд төгсөгчдийн нийгэмлэг /ЖУГАМО/, Хүнсний хувьсгал ТББ, Монголын Каизэн холбоо
Дэмжигч байгууллага: Япон Улсын Элчин Сайдын Яам, Японы гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/, Япон Улсын ЖДҮ, Бүс нутгийн инновацын байгууллага /SMRJ/, Япон Улсын Шинагава дүүрэг, Япон Улсын Готанда хөндий нийгэмлэг /Gotanda valley/, Япон Улсын Нагаока хот, Нагаокагийн аж үйлдвэрийг дэмжих нийгэмлэг /NAZE/
Улаанбаатар зочид буулын хурлын танхимд зохион байгуулагдсан тус форумын үеэр, Монгол, Япон хоёр улсын экспорт, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, тогтвортой хөгжлийн зорилт бүхий бизнес болон мэдээлэл харилцаа холбооны технологи, цахим хөгжлийг сурталчлах, инноваци зэрэг сэдвүүдийн хүрээнд хоёр орны аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын төлөөлөл панел хэлэлцүүлгийг өрнүүлж, Японы талаас 100 Монголын талаас 400 орчим зочид, төлөөлөгчид тус тус оролцов.
Арга хэмжээг нээж, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Б.Баярсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Игавахара Масарү, болон Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр нар мэндчилгээ дэвшүүлэв.
Тус бизнес форумыг зохион байгуулагчдыг төлөөлж, ЖАЙКА байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Танака Шиничи, Нийслэлийн бизнес инновацын газрын дарга н.Билгүүн, Монгол дахь Японы худалдааны танхимын Ерөнхийлөгч Б.Мөнхтуг, Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийг төлөөлж, Ерөнхийлөгч н.Баттулга нар мэндчилгээ дэвшүүллээ.
Форумын эхэнд Нийслэлийн бизнес инновацын газар болон Японы Готанда хөндий нийгэмлэгтэй /Gotanda valley/, Гарааны бизнес болон Япон, Монголын мэдээллийн технологийн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор “Ай-Ти Консерциум” байгуулах тухай Санамж бичигт гарын үсэг зурав.
Түүнээс гадна ЖАЙКА-с хэрэгжүүлж байгаа “Mongolia Open Innovation and Co-Creation for SDG’s (MICS) 2024” хөтөлбөрийн хүрээнд энэхүү хөтөлбөрт оролцогч Монгол, Японы гарааны бизнес, судалгааны байгууллага, ТББ, эрүүл мэндийн байгууллагуудаас санаачилсан нийт 15 төслийг танилцуулж, дараагийн шатанд 10 багийн төслийг сонгон шалгаруулав.
Энэхүү сонгогдсон 10 төслийг хэрэгжүүлэхэд ЖАЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж, хоёр улсын шинэ “co-create” /хамтын бүтээл/ болон инновацыг хөгжүүлэхэд ирээдүйд хамтран ажиллахаар боллоо.
Тус бизнес форумын дараа болсон хүлээн авалтын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдийн нэтворкинг болж, хоёр талын бизнес коммунити өргөжин хөгжих, бизнес хоорондын харилцан ойлголцол, танилцах арга хэмжээ болж өнгөрлөө.