Улиран өнгөрсөн 2023 онд “Монгол дахь Японы худалдааны танхим” ТББ-тай хамтран ажилласан нийт гишүүд, спонсор, дэмжигч байгууллагууддаа тус танхимын зүгээс гүн талархал илэрхийлье.
Тус танхимын хувьд 2022 оны 3-р сард байгуулагдсанаас хойш та бүхний дэмжлэг, оролцоотойгоор үйл ажиллагаагаа явуулж, байгууллагынхаа өнгө төрхийг бүтээхээр хичээж ажиллалаа.
2023 онд бид “Golden Week II” Монгол-Японы бизнес экспогоо зохион байгуулахаас гадна Япон улсруу хоёр удаагийн бизнес аялал зохион байгуулж, Япон улсад “Бизнес форум- Бизнес мачинг”, “Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг хэрхэн ашиглах тухай сэдэвт 2 удаагийн семинар, панел хэлэлцүүлэг, мөн “Re-Net Meeting” буюу сар бүрийн нэтворкинг уулзалтыг 4 удаа зохион байгуулсан байна.
Түүнчлэн JICA-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас зохион байгуулдаг Монгол-Японы бизнес форумд хамтран зохион байгуулагчаар оролцох зэргээр Монгол-Японы бизнес хамтын ажиллагааг дэмжих, хоёр орны хооронд бизнес эрхлэгчдийн нэтворкинг идэвхжүүлэх зэрэг өөрсдийн үндсэн зорилтыг биелүүлэхэд чиглэж ажиллажээ.
Энэ хугацаанд бид ЭЗХЯ, ГХЯ, БХЯ, Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ, ЖДҮГ, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв зэрэг төр засгийн байгууллагууд, Япон улсын JBIC, JICA байгууллагын ЖДҮ-ийн экспортыг дэмжих төв, Япон улсын Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны төлөөлөлтэй уулзаж, JETRO байгууллагын Гадаад үйл ажиллагааны вэб платформ дээр “Golden Week II” экспо мэдээллээ албан ёсоор гаргуулж, Японы JCI байгууллагатай хамтран “Бизнес форум- Бизнес мачинг” зохион байгуулж, хамтын ажиллагааны шинэ гарцуудыг бий болгохоор хичээлээ.
Дотоодын аж ахуй нэгжүүд, спонсор байгууллагуудтай харилцан итгэлцэл бүхий хамтын ажиллагааг бий болгохоор мөн зорьж ажиллалаа.
2024 он, тус танхимын хувьд гишүүн байгууллагуудын тоог нэмэгдүүлэх, гишүүдрүүгээ чиглэсэн үйл ажиллагааг тогтмол болгох, “Golden week III” экспод Япон талын аж ахуй нэгжүүдийн оролцоог илүү олон болгож, өргөжүүлэх, Монгол компаниудад Япон улсад аж ахуй нэгжээ байгуулахад нь мэдээлэл, дэмжлэг өгөх, Япон компаниудын бизнесийг Монгол улсруу татах, бизнес форум-уулзалт зохион байгуулах зэргээр олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж ажиллана.
Түүнчлэн, бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөлийн сонгуулийг зохион байгуулж, шинэ бүтцээр, шинэ стратегийг хэрэгжүүлэх, хөгжлийн нэг шат ахих зорилготой болно.
Та бүхнийг тус танхимтай хамтран урагшилж, хамтдаа Монгол-Япон хоёр орны хоорондох бизнесийн харилцааг нэгэн шат ахиулж, хөгжлийн түүчээ нь байж, амжилт ололтыг бүтээхийг хүсье.
ШИНЭ ОНЫ МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!
“Монгол дахь Японы худалдааны танхим” ТББ