Абико ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Ууганцэцэг
Хүүхдээ таван сартай байх үед бизнесийнхээ санааг олсон юм. Гэрт байгаа бүх бүтээгдэхүүн Рigeon байсан л даа. Ингээд үр шимийг нь хүртчихсэн бүтээгдэхүүнээ Монголчууддаа ч хэрэглүүлэхээр шийдэж, зээл аваад дүүтэйгээ хамтран бизнес эхлүүлж байлаа. Гэхдээ бодсон шиг амар хялбар байгаагүй. Бүтээгдэхүүнийхээ татан авалтыг хийж чадахгүй урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн үеүд ч байсан. 2015 онд Кагоме брэндээ оруулж ирээд удаагүй хэдхэн сар болж байхад нийлүүлэгчдээ хүчин чадлаасаа гурав дахин хэтэрсэн захиалга өгчихсөн, бүтээгдэхүүн маань сайн танигдаагүй байсан учраас борлуулалт ч хангалтгүй, маш их бараа маань зарагдахгүй муудах эрсдэлтэй нүүр тулсан. Kagome жүүснүүд нөөшлөгч бодис агуулдаггүй учраас хадгалах хугацаа нь маш богино байдаг.
Тухайн үед манайх нэг жижиг түрээсийн өрөөнд арав хүрэхгүй хүн л ажилладаг байлаа. Яг тэр үед хамт олон маань урагшлах хүч болсон. Асуудлаас зугтаах биш асуудлаа боломж гэж харъя шийдээд түгээлтийн ажилтан, нягтлан гээд бүгд л борлуулагч болж, 30, 40 хүний хийх ажлыг хэд хоногт нугалж байлаа. Тэр жилийнхээ борлуулалтыг эргээд харахад маш сайн өссөн байсан. Одоо ч гэсэн ямар нэгэн асуудал тулгарахад ажилчидтайгаа ярилцаад тэднийхээ гоё санаа, шийдлийг оруулаад ярилцаад явдаг. Бас зөвхөн ашиг олох бус эрүүл мэнд, аз жаргалыг түгээнэ гэсэн эрмэлзэл бизнест маш чухал болов уу. Миний бодлоор асуудал, алдаа бүр нүүрээ нуусан амжилт. Асуудалтайгаа нүүр тулаад, даваад гарахад хүнийг гурав, дөрөв дахин илүү хөгжүүлчихсэн байдаг. Алдаа гарахад айх биш ухаарал аваад бүр улам тод гэрэлтээд илүү хүчирхэгжих ёстой юм болов уу гэж боддог.