Зөвийг шүгэлдэгчид ТББ-ын тэргүүн Г.Эрдэнэзул
Хүн болсоноос хойш хилийн дээс алхсан анхны улс маань нарны орон байлаа. Ёс зүй, хүндлэл, суралцах арга барил гэх мэтчилэн маш олон зүйлийг сурч авсан ч тэндээс олж авсан хамгийн том эрдэм нь эх орноо хайрлах ухаан байсан. Эх орондоо амьдарч байх үедээ, дотор нь оршиж байх үедээ бид төдийлөн анзаардаггүй юм билээ. Зарим хүмүүс эх орноо хайрлахыг “Монгол” гэж цээжээ дэлдэх гэдгээр ойлгодог шиг санагддаг. Угтаа бол эх оронч хүн гэж хичээж амьдарч байгаа иргэнийг л хэлдэг юм билээ. Тиймээс улсын маань нэр гарах учир өчүүхэн зүйлд ч сэтгэлээсээ, бас хариуцлагатай хандаж, Монгол гэдэг нэрийг аавынхаа нэр шигээ сэвтээлгүй, хичээх ёстой. Нэгэн япон эмэгтэй “Япон орны хөгжлийн нууц юундаа байдаг вэ?” гэх асуултад – “Өндөр барилга технологийн хөгжилд биш, харин япон хүний зүрх сэтгэлд байдаг” гэж гэж хариулсан байдаг. Яг үүнтэй адилаар Монгол орны хөгжил монгол хүний зүрх сэтгэлд оршоосой гэж хүсдэг дээ. Энэ чанарыг л нарны орны ард түмнээс суралцаж, шингээх гэж чармайж явна.