“GOLDEN WEEK-2026” Монгол-Японы бизнес өдөрлөгийн үеэр японы цайны соёлын танилцуулга, амталгаа, мөн “Икэбана” цэцэг амилуулах урлагийн үзүүлбэр, танилцуулга болж өнгөрлөө. 6-р сарын 5,6-нд хоёр өдрийн турш тус экспог зорин ирсэн хэрэглэгч, худалдан авагчдад Япон улсаас ирсэн соёлын өв тээгчид өөрсдийн соёл, ёс заншлаа танилцуулсан юм.
Цайны ёслол:
Японы цайны соёл нь 800 гаруй жилийн тэртээд үүссэн, гүн гүнзгий уламжлал, хүндлэл, Япон ахуйг шингээсэн гоо зүй, ёс заншил бүхий зан үйл юм. Үүнийг япон хэлээр “茶道” (садо, чядо) гэж нэрлэдэг бөгөөд утгачилбал “цайны зам” гэсэн үг.
Японы “Үра-сэнкэ” цайны урсгалын төлөөлөгч, цайны соёлын өв тээгч 8 зочин ”Golden week-2026” үеэр 6 сарын 5,6-ны өдрүүдэд 350 гаруй зочид, худалдан авагчдад “МАЧЧА” цайг барьж, Япон уламжлал, ёс жаяг, хүндэтгэлийг үзүүлж, мөн өдөрлөгийн үндсэн тайзан дээр “Цайны соёл”-ын утга агуулгыг танилцуулж, биечлэн үзүүллээ.
Тэд “Golden week” арга хэмжээг анх зохион байгуулагдаж эхэлсэн 2022 онооос хойш тасралтгүй жил бүр хүрэлцэн ирж, өөрсдийн өв соёлоо Монгол хэрэглэгчдэд хүргэх, танилцуулж, цайны амталгаа зохион байгуулан, оролцдог билээ.
Икэбана: “Икэбана” гэдэг нь “амьд цэцэг” гэсэн утгатай бөгөөд байгаль, орон зай, хүний сэтгэл гурвын зохицлыг бүтээхийг зорьж, хийдэг бүтээл. Икэбана хийхэд зөвхөн цэцэг бус, мөчир, навч, хоосон орон зай хүртэл утга агуулдаг.
Эртнээс улбаатай энэхүү икэбана нь Япон улсад буддын шашинтай холбоотойгоор сүмд цэцэг өргөх заншлаас үүссэн гэдэг.
Тэр ч утгаараа энгийн байдал, орчны тэнцвэр, нам гүм, байгалийн жам ёсыг илэрхийлэхэд төвлөрдөг. Нэг мөчир хүртэл амьдралын урсгал, улирлын өөрчлөлт, хүний дотоод сэтгэлийг бэлгэдэж болно.
Цаг хугацааны явцад энэ нь японы гоо зүйн соёлын нэг хэсэг болж хөгжсөн бөгөөд хүн “байгалийг захирах” биш, харин байгалийн мөн чанарыг хүндэтгэх, түүнийг тодруулан, ил гаргах урлаг гэж үздэг.
Мөн икэбана хийх үйл явц өөрөө бясалгалтай төстэй. Хүн цэцэг бүрийн хэлбэр, чиглэл, хоосон орон зайг анхаарч төвлөрөхдөө дотоод тайван байдлыг мэдэрдэг. Тиймээс икэбана нь зөвхөн чимэглэл бус, хүний сэтгэл, байгаль, амьдралын түр зуурын гоо сайхныг мэдрүүлэх урлаг гэж ойлгож болно.
Японы өв тээгч Ивасава Таэ тус экспо үеэр энэхүү соёлоо танилцуулсан юм.








